|
Дорнод Ази (мөн Зүүн Ази гэх) - Ази тивийн дорно талын хувь хэсэг (бүс нутаг).
НҮБ-ийн "Статистикийн хэлтэс"-ээс тоо бүртгэлийн зорилгоор Ази тивийн улсуудыг дорнод, дорно-өмнөд, өмнөд, өрнөд, дундад болгон 5 хувь хэсэг болгон бүсчилсэн нь түгээмэл хэрэглэгддэг болсон. Үүгээр бол газар зүйн байршлаар дорно талд төвлөрсөн бүрэн эрхт Монгол, Өмнөд Солонгос, Умард Солонгос, Хятад, заримдаг эрхт Тайвань улсыг хамтатган "Дорнод Ази" гэж нэрийдэнэ.
Дээрх бүсчлэлээр тасалбар болгон үзэхэд Ази тивийн 28%-тай тэнцэх Дорнод Азийн 12 сая гаруй тэгш дөрвөлжин километр газар нутагт дэлхийн хүн амын 22%, Азийн хүн амын 38%-тай тэнцэх 1.5 тэрбумаас олон хүн оршин сууж байна. Хүн амын нягтшил дэлхийн дундаж 45 хүн/км²-аас 3 дахин илүү 131 хүн/км² байна.
Түүхэн дэх ард түмний соёлын ижилсэлээр нь Хятад, Солонгос, Японыг Вьетнамтай хамт (соёлын) Дорнод Ази гэж үздэг. Тэгэхдээ БНХАУ-ын доторх Өвөр Монгол, Төвөд, Шинжааныг Монголтой хамт Төв Азид хамааруулдаг. Зарим шалтгаанаар Оросын Алс Дорнодыг Дорнод Азид хамааруулах нь бас бий.