«Ла Скала» (итали. La Scala буюу Teatro alla Scala) -1778 оны 8-р сарын 3-нд байгуулагдсан италийн Милан хот дахь дуурийн театр.
«Ла Скала» театр бол дэлхийн дуурь болон балетын урлагийн төв юм. 1776-1778 онуудад энэхүү алдарт театрыг Санта-Мария-алла-Скала (итали. Chiesa di Santa Maria alla Scala) хэмээх готик сүмийн барилгын туурин дээр барьсан учраас «Ла Скала» нэртэй болсон юм.
Театрын барилга нь архитектор Жузеппе Пиермаринигийн зургаар гүйцэтгэсэн дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй барилгуудын нэг гэгддэг юм. Энэ нь хатуу неоклассик хэв маягаар бүтээгдсэн бөгөөд маш сайн акустиктай гэдгээрээ алдартай. Театр 2030 үзэгчийн суудалтай. "Ла Скала" (Италичууд театрыг ингэж нэрлэдэг) 1778 оны 8-р сард хоёр дуурь, түүний дотор энэ нээлтийн үйл явдалд зориулан тусгайлан бичсэн Антонио Сальеригийн "Хүлээн зөвшөөрөгдсөн Европ" /Europa riconosciuta/ дууриар, дараа нь хоёр балетаар нээлтээ хийсэн байна. 18-р зууны эцэс хүртэл театрын тайзан дээр драмын жүжиг тавигдаж байв. Тухайн үед хүүхэлдэйн театрын багууд, драмын жүжигчид алдартай байсан ч "багт наадам", "намар", "хавар", "зун" гэсэн нэртэй дуурийн улиралууд тэр даруй тогтмол болсон байна. "Багт наадмын улирал"-ын үеэр дуурийн сериа, балетыг тайзнаа тавьсан бол үлдсэн хугацаанд голдуу дуурийн буффа буюу хошин дуурь тоглодог байв.
18-р зууны сүүл, 19-р зууны эхэн үед театрын урын санд Италийн хөгжмийн зохиолч П.Анфосси, П.Гульелми, Д.Чимароса, Л.Черудини, Г.Пайсиелло, С.Майра нарын дуурь орж байжээ. 1812 онд тус театрын тайзнаа Жоаккино Россини-гийн “Шүргэх чулуу” дуурийн нээлт болжээ. Улмаар “Ла Скала” театр нь түүний “Пальмирад Аурелиано” (1813), “Италид “Турк” (1814), “Хулгайч шаазгай” (1817) болон бусад дуурийг анхлан тайзнаа тавьж байжээ.
XIX зууны 30-аад онуудад «Ла Скала» театрт Италийн Г. Доницетти, В. Беллини, Ж.Верди, Ж.Пуччини нарын алдартай хөгжмийн зохиолчдын бүтээлүүдийг анх тавьж байжээ: «Далайн дээрэмчин» (1827) и «Норма» (1831) Винченцо Беллини, «Лукреция Боржа» (1833) Гаэтано Доницетти, «Оберто» (1839), «Навуходоносор» (1842), «Отелло» (1887) и «Фальстаф» (1893) Ж.Верди, «Мадам Баттерфляй» (1904), «Богема» (1896) болон «Турандот» Жакомо Пуччини.
2002-2004 онд уг театрын барилгад бүрэн их засвар хийжээ.
Албан ёсны цахим хуудас: https://www.teatroallascala.org/en/index.html